Гомбожав Цогзолмаа

Нэгдсэн эмнэлгийн дарга
НҮДНИЙ ИХ ЭМЧ, КЛИНИКИЙН ПРОФЕССОР

Эх орныхоо хөгжил дэвшил, хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсийн төлөө эрдэм мэдлэг, хүч оюунаа зориулж, нотолгоонд суурилсан шинэ үеийн эмчилгээ оношлогоог хөгжүүлэхэд залуу нас оргилуун хүслээрээ жигүүрлэн энэрэнгүй үйлсийн төлөө сэтгэлээ чилээн зүтгэж байгаа яваа эрүүл мэндийн салбарын хөгжлийг түүчээлэгч үе үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, ахмад буурлууд болон нийт ажилчиддаа 90 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

            Модон чагнуур, мэдрэхүйн тусламжаар оношлон эмнэлгийн тусламж  хөгжиж эхэлснээс хойш өнөөдөр шинжлэх ухаан технологийн өндөр түвшинд хүрч дэлхийн брэнд болсон орчин үеийн тоног төхөөрөмжөөр оношлон эмчлэх , урьдчилан сэргийлэх арга хэмжээ бүрэн төгс хөгжиж хүн амын өсөлт, дундаж наслалт нэмэгдсэн сайхан амжилтаар 90 жилийн ойгоо угтаж байна. Зах зээл ардчилалын нийгмийн чөлөөт хөгжлийн явцад эмнэлгийн маань гадаад, дотоод харилцаа өргөжин тэлж, Франц, Тайван, ОХУ, Япон, Австрали зэрэг олон оронтой харилцаа, хамтын ажиллагаатай болж нарийн мэргэжлийн эмч нарын хамтарсан үзлэг, туршлага солилцох, ажлын байрны сургалтанд оролцсон амжилт бүтээлээр дүүрэн байна.

            Эмнэлгийн тусламжийн чанар хүртээмж сайжран орон нутагтаа оношлогоо, эмчилгээ хийлгэх бүрэн боломж бүрдлээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах олон арга хэмжээнүүдийн хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлэгт шинэ эмчилгээ, үйлчилгээ, технологийг нэвтрүүлж, тоног төхөөрөмжөөр хангагдсан технологийн дэвшлийн түүхэн он жилүүд боллоо.

            Бид салбартаа ямагт манлайлагч байж, эрүүл мэндийн салбарын түүчээ нь болж эрүүл мэндийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсоор, хөгжүүлсээр шинэ түвшинд гаргасаар байх болно. Бид дараагийн хөгжлийн түүхээ өөрсдийн хүчээр бүтээсээр, хөгжүүлсээр бидний түүх үргэжлэсээр байх болно.

            Эх орны минь эрхэм баялаг хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж яваа мэргэжил, зорилго нэгт хамт олондоо ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

СҮҮН ЦАГААН СЭТГЭЛ ТАНЬ ЦАЦЛЫН ЕСӨН ДУСАЛ БАЙГ

СҮҮДЭРГҮЙ АРИУН ҮЙЛС ТАНЬ МӨНХИЙН ГЭРЭЛ БАЙГ.

 

 

НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ДАРГА КЛИНИКИЙН ПРОФЕССОР Г.ЦОГЗОЛМАА